яруу найрагч, орчуулагч түмт чо.шинэ

2020-03-10 - \"ЦӨХРӨЛ\" ХЭМЭЭХ ШҮЛГИЙН АЙМАГ

О.Дашбалбар

 

"ЦӨХРӨЛ" ХЭМЭЭХ ШҮЛГИЙН АЙМАГ

 

1

Улайрах тэнгэрийн хаяаг ширтэхээрээ дарсанд халсан хүн шиг болох юм.

Уйдамгүй мөнх ногоон уулсаа харахаар үхэлд хүртэл итгэмээргүй болох юм.

Цэнхэрлэх гол мөрнийг үзэхээрээ цээжин дотор ногоо ургах шиг болох юм.

Цэцэглэх моддын мөчрииг харахаар Үлгэр домог ч үнэн л санагдах юм.

Үргэлж хуурамч нөхдөө бодохлоор үтэр түргэн үхмээр байх юм.

Үйлийн үртэй дайснуудаа бодохлоор Үүрд мөнх амьдармаар байх юм.

 

2

Юунд ч гайхахаа больжээ, би

Өвлөөр бороо орох юу ч биш,

Өдрөөр харанхуй болох юу ч биш,

Тэнэгүүд алтан суудалд залрах юу ч биш,

Тэнгэрээс нисдэг таваг ирэх юу ч биш,

 

Хэрээ алтан гургалдай шиг жиргэх юу ч биш,

Хэсүүл шаазгай бүргэд шиг бөөрөх юу ч биш,

Анд нөхөр минь дайсан болох юу ч биш,

Арслан илжиг болон хувирах юу ч биш,

Хүн толгойтой могой цогнолзон байх юу ч биш,

Хүүрийн газар шар шувуу зэвүүтэй инээх юу ч биш,

Заналт дайсан, нөхөр минь болох юу ч биш,

Замагт нуур тэнгис болох юу ч биш,

Задгай талд уул ургах юу ч биш,

Захгүй далайд зээр гөрөөс амьдрах юу ч биш,

Өглөө босоход толгойд эвэр ургаж магад

Өрөөсөн хөлтэй чөтгөр бүжиг хийж магад,

Хонь чоно хоёр гэрлэж ч магад

Хорвоод удахгүй галав юүлж ч магад!

Аав нь охинтойгоо унтах юу ч биш энэ хорвоод

Ах нь дүүгээ алах гэдэг юу ч биш, энэ хорвоод

Адуун толгойтой хүн явахад гайхахгүй би,

Аюумшиггүй бурхад хорвоог шүүрдэхэд гайхахгүй би.

 

Үнэн үг хэлсэн нь үйлээ үздэг энэ хорвоод

Yргэлж худлаа хэлсэн нь жаргаж явдаг энэ хорвоод

Үхсэн хүн гэнэт амьд явж байна гэвэл гайхахгүй,

Үснийх нь оронд өвс ургажээ гэсэн ч гайхахгүй.

 

Буянт мэргэд нь зовж суудаг энэ хорвоод

Буруу номтон нь баясаж явдаг энэ хорвоод

Халуун зунаар цас будрах нь юу ч биш,

Харанхуй шөнөөр нар мандах нь юу ч биш,

Галуу нь ерөнхий сайд болох юу ч биш,

Гахай нь эрдмийн зэрэгтэй болох юу ч биш!

***

Энэ орчлонд хүн бүхний тоогоор нэг бяцхан овоо босно,

Эргэх цагт өсөж өндийж, дурлаж хайрлаж явсан бие нь

Эгнэгт шороон доор орж, дээр нь нулимсаа асгаруулан зогсоцгооно.

Эргэж ирэхгүй, хэн ч тэндээс буцаж харихгүй, энэ үнэнийг ойлго!

 

Амрагаа тэвэрсэн гар нь хаа байна, хэнд ч хэрэггүй,

Анхилам үнэрийг мэдэрдэг хамар нь хаа байна, хэнд ч хэрэггүй,

Орчлон хорвоог тольддог нүд нь хаа байна, хэнд ч хэрэггүй

Оршуулгын газрын бяцхан зайд он жилийг үдсээр хумхи болно.

 

Бага жаахан охиныг үнсдэг, балын амтат уруул нь хэрэггүй,

Бараан хорвоог тольддог гэрэлт хоёр мэлмий нь хэрэггүй,

Байц хад мэт биеэ тээж явдаг хоёр хөл нь хэнд ч хэрэггүй

Балран арилж, үхэж дуусаад л тоос товрог болно.

 

Амин сүнсийг нь эрлэгийн эзэн аваачихад

Алтан сайхан бие нь хэнд ч хэрэггүй болно.

Янаглаж, хайрлаж, үнсэж, таалсан улс нь ч гэсэн

Яаран аваачиж хөдөөлүүлэхээс өөр аргагүй болно.

 

Түргэн шиг салах, бушуухан шиг хагацахын түүс,

Түлээ шатаж дуусахад үнсий нь аваачиж хаяхтай ижил,

Ийм л хувь тавилан хэн бүхнийг хүлээж, отож буй.

Инээж, жаргаж, цэнгэж явсан улсыг ч нэг л овоо хүлээнэ.

 

Орчлонд бүх юм тоос товрог болж, сая сая хүн замхарна

Оронд нь далайн хөөс шиг сая сая хүн цахран ирнэ.

 

1993.4.11

 

ГУНИГТ ЕРТӨНЦ НОМНООС 

[Сэтгэгдэл бичих] [Найздаа илгээх]

Сэтгэгдлүүд

Бичлэг: 2 » Нийт: 152
Өмнөх | Дараагийн
Миний тухай
яруу найрагч, орчуулагч түмт чо.шинэ

овог: түмт
аавын нэр:чойнзон
өөрийн нэр:шинэ
бүтэн нэр: түмт чо.шинэ
1985-1987 онуудад, өвөр Монголын монгол хэл бичгийн мэргэжлийн сургууль уульд/одоогын хөх хот үндэсний дээд сургууль/ суралцсан.
1987-1999 онуудад, ордос хотын үүшин хошууны засагын газрын радио телевиз,ажилтан хамааралт,үндэстэн шашин суртахууны зөвлөл зэрэг ажлын салбаруудад ажилласан.
1999-2013он, ордос хотын үүшин хошууны намын хороогын тамгын газар орчуулагч, үүшин хошууны зохиолчдын эвлэлийн хэрэг эрхлэгч, хятад улсын монгол хэл бичгийн академийн гишүүн, өвөр Монголын монгол хэл бичгийн орчуулгын судалгааны нийгэмлэгийн гишүүн.
2005 оны 6 сард" өвөр Монголын өөртөө засах орны нам засгын байгуулгын монгол орчуулгын тэргүүний ажилтан" болж байсан.
Сүүлийн бичлэгүүд
. ЭЛЕГИЯ
. \"ЦӨХРӨЛ\" ХЭМЭЭХ ШҮЛГИЙН АЙМАГ
. САРТАЙ ШӨНИЙН АЯЗ
. НУТГИЙН НУУР
. МАРКОГИЙН ДОМОГ
. Хураагийн сүглэгмаа:хөөдөөгөө би санаж байна
. Х.СҮГЛЭГМАА:НУТАГИЙН ЧУЛУУ
. Х.СҮГЛЭГМАА: АЛТАЙ ХАНГАЙН УУЛС
. Х.Сүглэгмаа: Говийн намхан толгодод бороо орж байна
. Х.Сүглэгмаа: Ижийгээсээ би яасан ч хол явах юм бэ дээ
. Х.Сүглэгмаа: Эх орон минь энэлэн шаналан минь
. Х.Сүглэгмаа:Та хоёрынхоо дэргэд
. Х.Сүглэгмаа: Нутаг
. Х.Сүглэгмаа: Нүүдэл
. Х.Сүглэгмаа: Амарлингуйн хөх ууланд
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
Найзууд
© яруу найрагч, орчуулагч түмт чо.шинэ



:-)
 
xaax